Дэлхийн шилдэг 16 баг оролцдог электрон тоглоомын CS2-ын 400,000 ам.долларын (1.38 тэрбум төгрөг) шагналын сантай "BLAST Open Spring 2025" тэмцээн гуравдугаар сарын 19-нөөс эхэлсэн бөгөөд зургаа дахь өдрөө хэсгийн шатны тоглолтууд явагдаж байна. Манай улсаас хоёр баг оролцож байгаа билээ.
Шууд урилгаар тоглохоор болсон "The MongolZ" баг B хэсэгт багтсан бөгөөд шигшээ шатанд шалгарах сүүлийн тоглолтоо Европын холбооны G2 багтай өнгөрсөн шөнө хийж 0-2 (Ancient 11-13, Dust II 4-13) харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ. Ийнхүү G2 Esports Шведэд болсон "ESL Pro League Season 21" тэмцээнд хожигдсон хариугаа авч шигшээ шатанд шалгарсан бол The MongolZ тэмцээнээ дуусгаж $10,000 (34.7 сая төгрөг) шагналтайгаар тус тэмцээний өндөрлүүллээ. Манай залуусын дараагийн тоглолт дөрөвдүгээр сарын 6-10-ы хооронд 1250.000 ам.долларын шагналын сантай PGL Bucharest тэмцээн болно.
Манай залуус эхний тоглолтоо Хойд Америкийн "M80" багтай тоглож 2-1 (Dust II 13-11, Ancient 11-13, Inferno 13-3) харьцаагаар хожиж, хоёр дахь тоглолтоо Украйны Natus Vincere багтай тоглож 1-2 (Dust II 7-13, Inferno 13-1, Mirage 13-16) харьцаагаар хожигдож доод хүснэгт рүү унасан билээ. Улмаар Америкийн Team Liquid багтай тоглож 2-0 (Anubis 13-7, Ancient 13-8) харьцаагаар хожсон билээ.
Харин манай нөгөө баг болох "S-Tier" буюу CS2-ын хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээнд анх удаа тоглож буй The Huns Esports тэмцээний А хэсэгт орж эхний тоглолтоо Оросын "Team Spirit" багтай анх удаа учраа таарч 0-2 (Anubis 8-13, Dust II 4-13) харьцаагаар хожигдсон юм. Улмаар доод хүснэгт рүү унаж Европын холбооны "Team Falcons" багтай 0-2 (Inferno 13-16, Ancient 6-13) харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ. Манай залуус ийнхүү тэмцээнээ 13-16-р байраар дуусгаж $5,000 (17.3 сая төгрөг) шагнал авлаа.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.
The Huns Esports багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Батсүхийн Болд /ncl/, багийн ахлагч Гантулгын Есөнтөмөр /nin9/, Батболдын Баатархүү /Bart4k/, Ууганбаярын Анарбилэг /cobrazera/, Энхбатын Мөнхтогтох /xerolte/, Рийнагийн Билэгсайхан /Veccil/ нар тоглож байна.