Дэлхийн шилдэг 16 баг оролцдог электрон тоглоомын CS2-ын 400,000 ам.долларын (1.38 тэрбум төгрөг) шагналын сантай "BLAST Open Spring 2025" тэмцээн өнөөдөр буюу гуравдугаар сарын 19-д эхэллээ.
Тус тэмцээнд Монголын "The MongolZ" дэлхийн чансаагаар шууд уригдсан бол Азийн сонгон шалгаруулалтаас Монголын ATOX баг оролцох ёстой байсан ч Британийн "ESIC (Esports Integrity Commission)" байгууллагаас оролцох боломжгүй болсноор дэд байр эзэлсэн Huns оролцохоор болсон билээ.
Улмаар "S-Tier" буюу CS2-ын хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээнд анх удаа тоглож буй The Huns Esports тэмцээний А хэсэгт багтсан ба эхний тоглолтоо өчигдөр орой хийж, дэлхийн чансааг тэргүүлэгч Оросын "Team Spirit" багтай анх удаа учраа таарч 0-2 (Anubis 8-13, Dust II 4-13) харьцаагаар хожигдлоо. Улмаар тэд доод хүснэгт рүү унаж маргааш буюу гуравдугаар сарын 21-ны орой 19:00 цагаас Европын холбооны "Team Falcons" багтай хийнэ.
Харин шууд урилгаар тоглохоор болсон "The MongolZ" баг B хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо Хойд Америкийн "M80" багтай өнөөдөр шөнө буюу гуравдугаар сарын 21-ий 00:00 цагаас хийнэ.
Финалаас бусад бүх тоглолт Bo3 журмаар болох ба хэсэг тус бүрээс гурван баг шигшээ шатанд шалгарна.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.
The Huns Esports багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Батсүхийн Болд /ncl/, багийн ахлагч Гантулгын Есөнтөмөр /nin9/, Батболдын Баатархүү /Bart4k/, Ууганбаярын Анарбилэг /cobrazera/, Энхбатын Мөнхтогтох /xerolte/, Рийнагийн Билэгсайхан /Veccil/ нар тоглож байна.