"Манай бичлэгээс болж хүн амиа хорлох гээд байна" гэсэн

Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагаас Ноорог.мн сайтын байранд нэгжлэг хийж, компьютерын хатуу диск, гар утас зэргийг хураан 7 ажилтныг нь саатуулан мэдүүлэг авчээ. Тэднийг өглөө үүрээр 05:00 цагт суллан явуулсан байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 19 зүйлийн 9.1-т заасан "Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан" гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж буйгаа тайлбарлажээ. Ноорог.мн сайт “18 хоног” нэртэй сонгуулийн шударга бус явдлын талаар баримтат кино хийж байсан юм. Уг хэрэг явдлын талаар тус сайтын захирал О.Уламсайхан мэдээлэл өглөө.

 -Хэний гомдлоор мөрдөн шалгах ажиллагаа явагдсан гэж бодож байна?

 -Гомдол гаргагчийг хэлсэн. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар руу чатаар манай хийдэг бичлэгээс болж хүн амиа хорлох гээд байна гэсэн гомдол ирсэн гэдгийг ахлах мөрдөн байцаагч нь өөрөө танилцуулсан. Тэгээд л бодчих. Фейсбүүкийн зохиомол нэртэй хүн чатаар гомдол гаргасны төлөө гүйцэтгэх ажиллагаа явуулж хойшлуулшгүй журмаар барьсан байдаг.

 -Сонгуулийн талаар баримтат кино хийж байхад нь компьютерийн хард дискийг авсан гэсэн. Устагчихвал хайран байхдаа?

-Манай оффисоос юу хурааж авсан нь мэдэгдэхгүй байгаа. Бидний гар утсыг хурааж авсан. Хоорондоо юм ярихыг хориглосон. Та нар байтугай, цаадхыг нь бид баривчилсан гэж хэлж байсан. Энэ кино бол Монголд сонгууль ямар хэмжээний шударга бус явагддаг вэ гэдгийг хангалттай харуулж чадахуйц болсон. Нийт 14 тербайт дүрс байсан.

-Үндэсний эв нэгдлийг бусниулах гэдэг 19.9 зүйл заалт их ноцтой байна. Үүнийг хэр үндэслэлтэй гэж харж байна вэ?

 -Иргэнээс гаргасан гомдлын дагуу хэрэг үүсгэсэн гэдгийг хэлсэн. Бидний хувьд 19.9 гэсэн зүйл заалт үндэслэлгүй гэж үзэж байна. Та бүхнийг хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг талаас нь хараасай гэж хүсье. Ямар ч зөвшөөрөлгүй, оройны 22 цагаас өглөөний 06:30 хүртэл байцаалт авна гэдэг хүний эрхийн ноцтой зөрчил гэж харж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ