Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлээд 1990 оноос хойш хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг онцлов.
Мөн манай улсын чухал “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш орон болох БНСУ-тай хэрэгжүүлж ирсэн 35 жилийн хамтын ажиллагааны ололт амжилт, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг дүгнэж, цаашид хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлж, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв. Тухайлбал, “Солонго-I, II'' орон сууцны хороолол, “10 аймгийн төвийн дулааны станц” зэрэг төслийг эрчимжүүлэхэд хоёр тал хүчин чармайлт гаргах хэрэгтэйг онцлон дурдав. Хоёр улсын иргэдийн солилцоог дэмжих хүрээнд монгол иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, тус улсад оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад онцгойлон анхаарч ажиллахыг хүсэв.
Элчин сайд Чой Жин Вон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн түүхэн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв. Хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа гүнзгийрэн бэхжиж, хоёр тал хот байгуулалт, ашигт малтмал, эрчим хүч зэрэг салбарт томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг амжилттай үргэлжлүүлж байгаад баяртай буйгаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023, 2024 онд БНСУ-д хийсэн айчлалын үеэр хэлэлцэн тохирсон ажлууд эхнээсээ бодит ажил хэрэг болж байгааг онцлон дурдлаа. Тухайлбал, газрын ховор металлын салбарын хамтарсан хорооны уулзалт Сөүл хотноо болсон, судалгааны ажил эрчимжиж буйг хэлэв. Түүнчлэн хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй төслүүдийг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.
Цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг улам баяжуулан хөгжүүлэх, хоёр улсын иргэдийн харилцан зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө Элчин сайд үргэлжлүүлэн анхаарч ажиллана гэв.